YouVersion Logo
Search Icon

2Шастир 28

28
Ахазын хаанчлал
(2Ха 16:1–4)
1Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй. 2Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй тэрээр Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв. 3Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ. 4Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.
Иудаг Арам Израиль нар цохив
(2Ха 16:5)
5Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.#Иса 7:1 6Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм. 7Ефраимын хүчит эр Зихри, хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.
Одедын оролцоо
8Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүү болох тэднээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлийг дээрэмдэн, олзоо Самарид авчрав.
9Харин тэнд Одед гэгч, ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтан очиж, тэдэнд
—Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан догшин хилэнгээр хядлаа. 10Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг зарц, шивэгчин болгож захирах санаатай байна. Та нар өөрсдөө харин ЭЗЭН Бурханыхаа өмнө үнэхээр ялгүй юм уу? 11Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа! Учир нь ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын дээр байна гэв. 12Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн ургийн тэргүүн нараас Иехохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн өмнө гарч зогсон 13тэдэнд
—Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, ял дээр нэмж бидэн дээр ЭЗЭНий өмнө ял зэм буулгах санаатай байна. Бидний ял хэдийнэ үлэмж их бөгөөд дүрэлзсэн уур хилэн Израилийн дээр байна гэцгээв. 14Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогдогсод ба олзоо захирагчид болон бүх чуулганы өмнө орхив. 15Тэгээд дээр нэр дурдагдсан хүмүүс босож, олзлогдогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллож ундлаад, тосоор тослов. Тэгээд тамирдсаныг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход тэдний ах дүүс уруу авчрав. Дараа нь тэд Самари уруу буцацгаажээ.
Иудад туслахаас Ассири татгалзав
(2Ха 16:7–9)
16Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв. 17Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ. 18Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бет-шемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ. 19ЭЗЭН, Израилийн хаан Ахазаас болж Иудаг дорд болгов. Учир нь тэрээр Иудад хамжааргагүй байдлыг зөвшөөрч, ЭЗЭНий эсрэг харш юм хийсэн юм. 20Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав. 21Хэдийгээр Ахаз, ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын өргөөнөөс хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.
Ахазын урвалт ба үхэл
22Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ. 23Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн
—Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ. 24Үүнээс гадна, Бурханы өргөөний сав суулгыг Ахаз хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээ босгов. 25Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага өргөхөөр мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНийг уурлуулсан юм.
26Түүний урьд хождын бусад үйлс замнал нь Иуда болон Израилийн Хаадын номд бичигдсэн билээ. 27Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.#Иса 14:28

Currently Selected:

2Шастир 28: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in