1Самуел 22
22
Давид дагагчдын хамт Адулламд
1Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод, Давидын байгаа газар уруу ирэв.#Дуу 57 (гарчиг), Дуу 142 (гарчиг) 2Шахалтад, өрөнд, сэтгэл уналтанд орсон бүхэн Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв. 3Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд
—Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв. 4Ингээд Давид эцэг эхээ Моабын хаантай хамт орхисонд эцэг эх нь Давидыг бэхлэлтэд амьдрах хугацаанд хааныд амьдрав. 5Эш үзүүлэгч Гад, Давидад
—Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун гэж хэлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ойд очив.
Нобын тахилчдыг Саул хөнөөв
6Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс олдсон тухай Саул сонсов. Тэр үед Саул Гибеад, сухай модны доор, өндөрлөг газар гартаа жад барин сууж байв. Бүх зарц нар нь түүнийг тойрон зогсжээ. 7Саул тойрон зогсож байсан зарц нартаа
—Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгат, зуутын дарга болгон томилох уу? 8Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна гэж зэмлэв. 9Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан едом хүн Доег
—Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.#1См 21:7–9; Дуу 52 (гарчиг) 10Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн гэж хэлэв. 11Хаан нэг хүн илгээж, Ахитубын хөвгүүн тахилч Ахимелехийг бас түүний эцгийн гэрийнхэн болох Нобт байгаа тахилч нарыг дуудуулсанд тэд бүгд хаан уруу ирэв. 12Саул
—Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр
—Эзэн минь, би энд байна гэв. 13Тэгэхэд Саул түүнд
—Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр үйлдэж байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв. 14Ахимелех хаанд хариулан
—Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга,#22:14 Еврейд нь тэр түшдэг таны гэрт хүндтэй хүн юм. 15Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү?#22:15 эсвэл Одоо, түүний төлөө Бурханаас асууснаар ямар нэг бурууг үйлдсэн үү? Огт үгүй! Энэ нь надаас хол байг! Таны боол би энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч гэж хэлэв. 16Гэвч хаан
—Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно гэж хэлэв. 17Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа
—Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай гар нийлж мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч халдахыг хүссэнгүй. 18Тэгэхэд хаан Доегт
—Чи явж очоод, тахилч нарт халдагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нарт халдаж, тэр өдөр маалинган ефод зүүсэн наян таван хүнийг алав. 19Тэр тахилч нарын хот Нобыг цохиж, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав. 20Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч зугтан Давидын араас оргож ирэв. 21Саул, ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар, Давидад мэдэгдэв. 22Тэгэхэд Давид, Абиатарт
—Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд хэлж мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа.#22:22 ЭЗО-д би үүнд хариуцлагатай. 23Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна гэж хэлэв.
Currently Selected:
1Самуел 22: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.