YouVersion Logo
Search Icon

1Хаад 2

2
Давид Соломоныг сургамжлав
1Давидын үхэх өдрүүд дөхөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан
2Би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. 3Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун. 4Ингэснээр “Хэрэв чиний хөвгүүд замаа анхаарч, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө итгэмж үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж миний тухайд хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно. 5Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.#2См 3:27, 20:10 6Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд. 7Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл хайр үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүс байлга. Учир нь намайг Абсалом ахаас чинь зугтаж байсан үед тэд намайг тосож ирсэн юм.#2См 17:27–29 8Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг муу муухай хараалаар хараасан билээ. Гэвч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд “Би чамайг илдээр хороохгүй” гэж ЭЗЭНээр тангарагласан юм.#2См 16:5–13, 19:16–23 9Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Түүний буурал толгой Үхэгсдийн оронд цустай очих ёстой юм гэв.
Давид нас барав
10Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ. 11Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ.#2См 5:4–5; 1Шс 3:4
12Дараа нь эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларч, түүний хаант засаг бат тогтлоо.#1Шс 29:23
Соломон хаанчлалаа бэхжүүлэв
13Дараа нь Хаггитын хүү Адониа, Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба
—Чи амар тайван ирэв үү? гэж асуухад тэрээр
—Амар тайван гэж хариулав. 14Мөн тэр
—Танд хэлэх үг байна гэхэд Батшеба
—Яригтун гэв. 15Тэрээр
—Уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж, одоо миний дүүгийнх болсон билээ. 16Одоо би танаас ганцхан гуйлт гуйя. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд
—Яригтун гэв. 17Тэгэхэд тэр
—Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломонтой ярьж өгөөч гэж гуйя. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ.#1Ха 1:3–4 18Батшеба ч
—За тэгье. Би чиний төлөө өөрөө хаантай ярилцъя гэв. 19Тиймээс Батшеба, Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан ээжийгээ угтан авахаар босож түүнд мөргөөд, дахин сэнтийдээ залрав. Тэрээр хатан ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун гар талд суулаа. 20Тэгээд Батшеба
—Чамаас нэг бяцхан хүсэлт гуйя. Надад бүү татгалзаарай гэсэнд хаан түүнд
—Ээж минь, би танд татгалзахгүй учир та гуйна уу гэв. 21Батшеба
—Шунем эмэгтэй Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөхийг зөвшөөрөөч гэв. 22Тэгэхэд Соломон хаан ээждээ хариулан
—Та яагаад шунем эмэгтэй Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэр миний ах учраас түүний төлөө хаанчлалыг гуйж, түүгээр барахгүй тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн асуугаач гэж хэлэв. 23Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж
—Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амийн эсрэг хэлээгүй байвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! 24Намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭН амьд! Өнөөдөр Адониа заавал үхэх ёстой гэв. 25Соломон хаан, Иехоиадагийн хүү Бенаиаг илгээсэн бөгөөд тэрээр Адониад халдаж тэр үхэв.
26Тэгээд хаан тахилч Абиатарт
—Талбай уруугаа, Анатот уруу явагтун. Чи үхэх ёстой хүн боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явж бас миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ.#1См 22:20–23; 2См 15:24 27Ингээд Елигийн гэрийн тухайд Шилод айлдсан ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлэхээр Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас зайлууллаа.#1См 2:27–36
28Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс#2:28 тахилын ширээний эвэр: 1:50 үз. зууран барив. 29Иоаб ЭЗЭНий асар уруу зугтсан ба тэрээр тахилын ширээний хажууд байна гэдгийг Соломон хаанд дуулгасанд Иехоиадагийн хүү Бенаиаг#2:29 эсвэл элч тэрээр илгээж
—Явж очоод, түүнийг хөнөө гэж тушаав. 30Ийнхүү Бенаиа ЭЗЭНий асарт ирээд, Иоабт
—Хаан “Гараад ир” гэж чамд тушаасан гэв. Харин тэр
—Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа
—Иоаб ийнхүү хэлж, надад тийнхүү хариуллаа гэх үгийг хаанд эргүүлэн аваачив. 31Хаан, Бенаиад
—Түүний хэлснээр үйлд. Иоабын урсгасан гэмгүй цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулахын тулд түүнийг хөнөөгөөд оршуул. 32Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг.#2:32 эсвэл Иоабыг Эзэн шийтгэг Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ. 33Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үрсийн толгой дээр эргэн бууж мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр, түүний сэнтий дээр ЭЗЭНээс амар тайван мөнхөд байх болно гэв. 34Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнд халдаж хөнөөв. Түүнийг цөл дэх өөрийнх нь гэрт нутаглуулжээ. 35Хаан, Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.
36Ингээд хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирсэн хойно нь түүнд
—Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй. 37Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цус#2:37 Чиний цусны төлөөх шийтгэл гэсэн утгатай. өөрийн чинь толгой дээр байх болно гэв. 38Тэгэхэд Шимеи, хаанд
—Зөв зүйтэй үг байна. Миний эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимд удаан хугацаагаар амьдарчээ. 39Тэгтэл гурван жилийн төгсгөлд Шимеигийн хоёр боол Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Шимеид
—Харагтун, боолууд чинь Гатад байна гэж мэдүүлэхэд 40Шимеи босож, илжгээ эмээллэн боолуудаа эрж хайхаар Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж Гатаас боолуудаа дагуулан иржээ. 41Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгдэв. 42Тиймээс хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирэхэд нь түүнд
—Би чамд “Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө чи заавал үхнэ гэдгээ мэдэж ав” гэж урьдаас сануулж, чамайг ЭЗЭНээр тангараглуулж байсан бус уу? Чи өөрөө ч надад “Миний сонссон үг зүйтэй байна” гэж хэлсэн шүү дээ. 43Гэтэл юунд чи ЭЗЭНд өгсөн ам өчиг, миний чамд тушаасан тушаалыг сахисангүй вэ? гэв. 44Түүнчлэн хаан, Шимеид
—Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно. 45Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын сэнтий ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат тогтох болно гэв. 46Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.

Currently Selected:

1Хаад 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in